Байгаль эхийнхээ хэвлийнээс “идэж” байгаа хүн төрөлхтний араншинг ээжийгээ хэмлэн бие гүйцэн томордог аалзаар төлөөлүүлэн харуулсан “Цагаан тэмээ аалз” баримтат уран сайхны нэвтрүүлэг үзэгчдийн хүсэлтээр DVD хэлбэрт орж энэ ажлыг БОАЖЯ дэмжин хамтран ажилласан нь телевиз, төрийн байгууллага хүчээ нэгтгэж чадвал уран бүтээлээр дамжуулан байгаль дэлхийгээ хайрлах үзлийг нийтэд түгээж болох юм гэсэн гарцыг эрэлхийлсэн ажил болсон билээ. Тэгвэл “Цагаан тэмээ аалз” DVD-нээс олох ашиг бүрийг байгаль орчны чиглэлд тэр дундаа Баянзүрх хайрханыг ойжуулах ажилд зориулахаар болсон байна.
Эхний ээлжинд мод бэлтгэгчдийн явуургүй үйл ажиллагаанаас болж нүцгэрч үлдсэн Баянзүрх хайрханы Харусан тохойн Хархошуу гэдэг газрыг сонгон авч ойжуулах ажлыг ирэх “Хаврын мод тарих өдөр”-үүдээр зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Энэ ажлынхаа эхлэл болгож Дэлхийн банкны “Немо 2” төсөлтэй хамтран “Баянзүрх хайрханы ойжуулалт” хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болжээ. “Цагаан тэмээ аалз” нэвтрүүлгийн уран бүтээлчид Баянзүрх хайрханыг ойжуулах ажилд гар бие оролцож байгаа нь эх дэлхийдээ барих эрхэм сайхан бэлэг ч мод гэх амьд организмыг зөв горимын дагуу тарьж суулгаж түүнийг хадгалж хамгаалах асар том хариуцлага ирж байгааг онцолж харсан байна.
Тиймээс өнөөдөр модны суулгацаа худалдаж аваад маргааш хөрсөнд таръя гэж уриалахаас урьтаж цаашид гарах үр дүнг нь тооцолж асуудалд ул суурьтай хандах үүднээс “Баянзүрх хайрханы ойжуулалт” сэдвийн дор хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болжээ. Тус хэлэлцүүлэгт БОАЖЯ, ЗГХА Ойн газар, Нийслэлийн байгаль хамгаалах газар, Геоэкологийн хүрээлэн, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, UBS телевиз “Ногоон ирээдүй” төсөл, Дэлхийн банкны “Немо 2” төсөл, Цэцэрлэгжилт компани тус тус оролцох юм байна.
Хэлэлцүүлэг 2012 оны 02-р сарын 01-ны өдрийн 11:00 цагт Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын “Хурлын танхим”-д зохион байгуулагдах бөгөөд Улаанбаатар хот орчмын ногоон бүс, Баянзүрх хайрханы ойжуулалт-нөхөн сэргээлт, Баянзүрх хайрханы ойн сангийн хадгалалт, хамгаалалт, Байгаль хамгаалагчдын үүрэг оролцоо, тулгамдаж буй асуудлууд, Баянзүрх хайрханыг ойжуулахад- Иргэд, орон нутаг болон төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын оролцоо сэдвийн хүрээнд явагдах юм байна.
Хэлэлцүүлгийн зорилго нь Баянзүрх хайрханы доройтлын шалтгаан, үр дагаварыг шинжлэх ухааны үндэслэлтэй, нарийвчлан судалж судалгааны дүнг үндэслэн ойжуулах ажлыг зохион байгуулахад оршиж байгаа аж. Ингэж эхийгээ иддэг цагаан тэмээ аалз адил “Дэлхий ээжийнхээ” газран хэвлийг хэмлэх бус эмнэж мянган мянган мод тарих ажлыг “Цагаан тэмээ аалз” DVD-ээр дамжуулан хэлэлцэж, хийхээр болж байна.






No comments:
Post a Comment