Jan 30, 2012

“Баянзүрх хайрханы ойжуулалт” хэлэлцүүлэг болно



“Цагаан тэмээ аалз” нэвтрүүлгийн уран бүтээлчид мод бэлтгэгчдийн явуургүй үйл ажиллагаанаас болж нүцгэрч үлдсэн Баянзүрх хайрханы Хар усан тохойн Хархошуу гэдэг газрыг сонгон Хаврын мод тарих өдрөөр ойжуулах ажлаа эхлүүлэхээр төлөвлөжээ. Чадлынхаа хирээр мод тарьдаг гэтэл хэн нэгэн бүлэг хүмүүс сүйтгэдэг байдлыг таслан зогсоохгүйгээр нүцгэн гараараа шахуу хулгайн мод бэлтгэгчидтэй тэмцдэг байгаль хамгаалагчдыг чадавхжуулахгүйгээр шинээр мод тариад удаагүй байтал суулгацын нахиаг үхэр адуу сорчилж идэхээс хамгаалсан хайш хашлагыг шийдэхгүйгээр өнөөдөр мод тарих асуудлыг эхний ээлжинд тавьж ярих нь өрөөсгөл гэж тэд үзжээ. Тиймээс модыг тайрч дуусахаас нь урьтаж иргэдийн ухамсарт нөлөөлөх, цаашид гарах үр дүнг нь тооцоолж, асуудалд ул суурьтай хандах үүднээс “Баянзүрх хайрханы ойжуулалт” сэдвийн дор хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон байна. Тус хэлэлцүүлэгт БОАЖЯ, ЗГХА Ойн газар, Нийслэлийн байгаль хамгаалах газар, Геоэкологийн хүрээлэн, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, UBS телевиз “Ногоон ирээдүй” төсөл, Дэлхийн банкны “Немо 2 төсөл”, Цэцэрлэгжилт компаниуд тус тус оролцох юм байна. Хэлэлцүүлэг Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын “Хурлын танхим”-д ирэх хоёрдугаар сарын 1-ны өдөр 11:00 цагаас болох болох юм. Энэ үеэр Улаанбаатар хот орчмын ногоон бүс, Баянзүрх хайрханы ойжуулалт, нөхөн сэргээлт, Баянзүрх хайрханы ойн сангийн хадгалалт, хамгаалалт, Байгаль хамгаалагчдын үүрэг оролцоо-тулгамдаж буй асуудлууд, Баянзүрх хайрханыг ойжуулахад- Иргэд, орон нутаг болон төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын оролцоо гэсэн асуудлуудыг авч хэлэлцэх юм байна. Хэлэлцүүлгийн гол зорилго нь Баянзүрх хайрханы доройтлын шалтгаан, үр дагаварыг шинжлэх ухааны үндэслэлтэй, нарийвчлан судалж судалгааны дүнг үндэслэн ойжуулах ажлыг зохион байгуулахад чиглэх юм.

No comments:

Post a Comment