“Цагаан тэмээ аалз”
бүтээлийн танилцуулга
Аалзыг төрөөд ээжийгээ идэж эхэлдэг амьтан гэж мэддэг болохоос хүмүүс бид ч түүнээс дутахааргүй хоёр хөлтэй цагаан тэмээ аалз болон байгаль эхийнхээ хэвлийгээс нь эхлэн идэж буйг харуулсан бүтээл бол “Цагаан тэмээ аалз” юм.
Дэлхий ээжийн шимт хөрсийг идэн, шунал хүслийнхээ чөдөрт уяснаар дараа дараагийн хүүхдүүд төрөхөд тэднийг тосон авах газар шороо үгүй болж, дэлхий ээж тэнгэрт халих нь гэсэн сануулгыг дэлгэцийн бүтээлээр дамжуулан уран сайхны аргаар үзэгчдэд хүргэсэн билээ.
Дэлхий нийтийн тулгамдсан асуудал болж, эрдэмтэн судлаачдын тархийг гашилгаж буй хөгжлийн галт тэргэн дэх хүний шуналаар дамжин ирсэн байгаль, орчны мөхөл сүйрэл гэсэн нийтлэг сэдвийг барьж хөндсөн ч түүнийг шашин, ёс заншил, шинжлэх ухаан, урлагтай хослуулан олны танил болсон хүмүүсийн үзэл бодлыг сонссоноороо тус бүтээл онцлогтой юм.
Нэвтрүүлгийн гол зангилаа болсон “Дэлхий ээж” дуунд хүн төрөлхтнийг хэвлээсээ төрүүлж хүүгийн ёсоор элгэндээ тэвэрсэн дэлхий ээж таньдаа бид хайртай гэж дуулдаг хэрнээ. Өнөөдөр бид дэлхий ээждээ хайртай юу, мөнгөнд дуртай юу гэдэг асуултын хариултыг өнөөдрийн хатсан сайр, шуурах элс, амьтны сэгээс олж авахаар болсныг “Цагаан тэмээ аалз” илчилсэн. Дэлхий ээжийг аврах хамгийн гол гарц бол хувь хүний орчлон ертөнцөө хайрлах үзэл, хүндлэл юм гэдгийг “Цагаан тэмээ аалз” үзэгчдэд хүргэсэн юм.



