Jan 30, 2012

“Баянзүрх хайрханы ойжуулалт” хэлэлцүүлэг болно



“Цагаан тэмээ аалз” нэвтрүүлгийн уран бүтээлчид мод бэлтгэгчдийн явуургүй үйл ажиллагаанаас болж нүцгэрч үлдсэн Баянзүрх хайрханы Хар усан тохойн Хархошуу гэдэг газрыг сонгон Хаврын мод тарих өдрөөр ойжуулах ажлаа эхлүүлэхээр төлөвлөжээ. Чадлынхаа хирээр мод тарьдаг гэтэл хэн нэгэн бүлэг хүмүүс сүйтгэдэг байдлыг таслан зогсоохгүйгээр нүцгэн гараараа шахуу хулгайн мод бэлтгэгчидтэй тэмцдэг байгаль хамгаалагчдыг чадавхжуулахгүйгээр шинээр мод тариад удаагүй байтал суулгацын нахиаг үхэр адуу сорчилж идэхээс хамгаалсан хайш хашлагыг шийдэхгүйгээр өнөөдөр мод тарих асуудлыг эхний ээлжинд тавьж ярих нь өрөөсгөл гэж тэд үзжээ. Тиймээс модыг тайрч дуусахаас нь урьтаж иргэдийн ухамсарт нөлөөлөх, цаашид гарах үр дүнг нь тооцоолж, асуудалд ул суурьтай хандах үүднээс “Баянзүрх хайрханы ойжуулалт” сэдвийн дор хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон байна. Тус хэлэлцүүлэгт БОАЖЯ, ЗГХА Ойн газар, Нийслэлийн байгаль хамгаалах газар, Геоэкологийн хүрээлэн, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, UBS телевиз “Ногоон ирээдүй” төсөл, Дэлхийн банкны “Немо 2 төсөл”, Цэцэрлэгжилт компаниуд тус тус оролцох юм байна. Хэлэлцүүлэг Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын “Хурлын танхим”-д ирэх хоёрдугаар сарын 1-ны өдөр 11:00 цагаас болох болох юм. Энэ үеэр Улаанбаатар хот орчмын ногоон бүс, Баянзүрх хайрханы ойжуулалт, нөхөн сэргээлт, Баянзүрх хайрханы ойн сангийн хадгалалт, хамгаалалт, Байгаль хамгаалагчдын үүрэг оролцоо-тулгамдаж буй асуудлууд, Баянзүрх хайрханыг ойжуулахад- Иргэд, орон нутаг болон төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын оролцоо гэсэн асуудлуудыг авч хэлэлцэх юм байна. Хэлэлцүүлгийн гол зорилго нь Баянзүрх хайрханы доройтлын шалтгаан, үр дагаварыг шинжлэх ухааны үндэслэлтэй, нарийвчлан судалж судалгааны дүнг үндэслэн ойжуулах ажлыг зохион байгуулахад чиглэх юм.

Jan 18, 2012

“Цагаан тэмээ аалз” эхийнхээ ачийг хариулна



Байгаль эхийнхээ хэвлийнээс “идэж” байгаа хүн төрөлхтний араншинг ээжийгээ хэмлэн бие гүйцэн томордог аалзаар төлөөлүүлэн харуулсан “Цагаан тэмээ аалз” баримтат уран сайхны нэвтрүүлэг үзэгчдийн хүсэлтээр DVD хэлбэрт орж энэ ажлыг БОАЖЯ дэмжин хамтран ажилласан нь телевиз, төрийн байгууллага хүчээ нэгтгэж чадвал уран бүтээлээр дамжуулан байгаль дэлхийгээ хайрлах үзлийг нийтэд түгээж болох юм гэсэн гарцыг эрэлхийлсэн ажил болсон билээ. Тэгвэл “Цагаан тэмээ аалз” DVD-нээс олох ашиг бүрийг байгаль орчны чиглэлд тэр дундаа Баянзүрх хайрханыг ойжуулах ажилд зориулахаар болсон байна.


Эхний ээлжинд мод бэлтгэгчдийн явуургүй үйл ажиллагаанаас болж нүцгэрч үлдсэн Баянзүрх хайрханы Харусан тохойн Хархошуу гэдэг газрыг сонгон авч ойжуулах ажлыг ирэх “Хаврын мод тарих өдөр”-үүдээр зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Энэ ажлынхаа эхлэл болгож Дэлхийн банкны “Немо 2” төсөлтэй хамтран “Баянзүрх хайрханы ойжуулалт” хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болжээ. “Цагаан тэмээ аалз” нэвтрүүлгийн уран бүтээлчид Баянзүрх хайрханыг ойжуулах ажилд гар бие оролцож байгаа нь эх дэлхийдээ барих эрхэм сайхан бэлэг ч мод гэх амьд организмыг зөв горимын дагуу тарьж суулгаж түүнийг хадгалж хамгаалах асар том хариуцлага ирж байгааг онцолж харсан байна.


Тиймээс өнөөдөр модны суулгацаа худалдаж аваад маргааш хөрсөнд таръя гэж уриалахаас урьтаж цаашид гарах үр дүнг нь тооцолж асуудалд ул суурьтай хандах үүднээс “Баянзүрх хайрханы ойжуулалт” сэдвийн дор хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болжээ. Тус хэлэлцүүлэгт БОАЖЯ, ЗГХА Ойн газар, Нийслэлийн байгаль хамгаалах газар, Геоэкологийн хүрээлэн, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, UBS телевиз “Ногоон ирээдүй” төсөл, Дэлхийн банкны “Немо 2 төсөл, Цэцэрлэгжилт компани тус тус оролцох юм байна.



Хэлэлцүүлэг 2012 оны 02-р сарын 01-ны өдрийн 11:00 цагт Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын “Хурлын танхим”-д зохион байгуулагдах бөгөөд Улаанбаатар хот орчмын ногоон бүс, Баянзүрх хайрханы ойжуулалт-нөхөн сэргээлт, Баянзүрх хайрханы ойн сангийн хадгалалт, хамгаалалт, Байгаль хамгаалагчдын үүрэг оролцоо, тулгамдаж буй асуудлууд, Баянзүрх хайрханыг ойжуулахад- Иргэд, орон нутаг болон төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын оролцоо сэдвийн хүрээнд явагдах юм байна.


Хэлэлцүүлгийн зорилго нь Баянзүрх хайрханы доройтлын шалтгаан, үр дагаварыг шинжлэх ухааны үндэслэлтэй, нарийвчлан судалж судалгааны дүнг үндэслэн ойжуулах ажлыг зохион байгуулахад оршиж байгаа аж. Ингэж эхийгээ иддэг цагаан тэмээ аалз адил “Дэлхий ээжийнхээ” газран хэвлийг хэмлэх бус эмнэж мянган мянган мод тарих ажлыг “Цагаан тэмээ аалз” DVD-ээр дамжуулан хэлэлцэж, хийхээр болж байна.




"Цагаан тэмээ аалз" бидэнд
Ирэх цагийг санууллаа



Үзэгчдийн хүсэлтээр мэндэлсэн шинэхэн DVD

Байгаль эхийнхээ хэвлийнээс “идэж” байгаа хүн төрөлхтний араншинг ээжийгээ хэмлэн бие гүйцэн томордог аалзаар төлөөлүүлэн харуулсан “Цагаан тэмээ аалз” баримтат уран сайхны нэвтрүүлэг 2011.01.11-ны өдөр буюу таван нэг давхцсан онцгой өдөр үзэгчдийн хүртээл болж байсан. “Цагаан тэмээ аалз” эфирт анх цацагдсаны дараагаар нэвтрүүлгийн уран бүтээлчид болоод UBS телевиз рүү олон арван үзэгчид утас цохиж нэвтрүүлгийг дахин үзэх хүсэлтээ илэрхийлж улмаар DVD хувилбарт оруулах саналыг ирүүлсээр байсан юм. Үзэгчдийн энэ л хүсэлтэн дээр тулгуурлан нэвтрүүлгийн уран бүтээлчид DVD хэлбэрт “Цагаан тэмээ аалз” баримтат уран сайхны нэвтрүүлгийг хөрвүүлэх санааг олж авсан бөгөөд ирээдүй, хойч үеийнхээ эрүүл тайван амьдралын төлөө санаа зовниж буй олон хүний оюунд тус нэвтрүүлгийг хүргэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яам дэмжин хамтран ажиллажээ. Ингэж хурц хараа, мэргэн оюундаа шүүн тунгаасан үзэгчдийн хүсэлт биелэлээ олж “Цагаан тэмээ аалз” нэвтрүүлэг DVD хэлбэрт орсон байна. Хамгийн мэргэн шүүгч, уран бүтээлийн шинэ санааны эзэд байдаг үзэгчдээсээ ийнхүү шинэ бүтээлийн санаа шүүрдэн авч ажил хэрэг болгосондоо уран бүтээлчдийн зүгээс талархаж байсныг уламжилъя.


DVD-ны өдөрлөг - “Дэлхий ээж” дууны 30-н жилийн ойтой давхцлаа

Дэлхий нийтийн санааг хамгийн ихээр зовоож буй асуудлыг хөндсөн “Цагаан тэмээ аалз” нэвтрүүлгийн DVD-ны нээлтийн өдөрлөг энэ сарын 16-ны өдрийн 14.00 цагт Max Mall төвд байрлах “UBS-CD shop”-д болж өдөрлөсөн юм. Өдөрлөгт БОАЖЯ-ны Хэвлэлийн албаны дарга М.Мөнхжаргал, UBS телевиз Уран бүтээл эрхэлсэн дэд захирал Ж.Баяр, СГЗ, сэтгүүлч Д.Амбасэлмаа, СГЗ, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, хөгжим судлаач, хөгжмийн зохиолч Р.Энхбазар, “Ногоон ирээдүй” зорилтот эко шоу нэвтрүүлгийн төслийн удирдагч Б.Нармандах, UBS телевизийн Ерөнхий редактор Ө.Гэрэлтцэцэг, UBS телевизийн Программын албаны дарга Д.Отгонзаяа, HERO Entertainment-ын төлөөлөл тус тус хүрэлцэн ирсэн юм. Түүнчлэн “Цагаан тэмээ аалз” нэвтрүүлэг, DVD-ны ажилд гар бие оролцсон хүмүүс урилгаар ирсэн байлаа. DVD-ны өдөрлөг “Дэлхий ээж” дууны 30-н жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлогтой байсан юм. Тэртээ он жилүүдэд дэлхий ээжийгээ хүйтэн дайнаас өмөөрөн бичсэн шүлэг, дуу өнөөгийн нийгэм цаг үетэй хэрхэн холбогдож байгаа тухай дууны уран бүтээлчид өөрсдийнхөө үзэл бодол, эмзэглэлийг энэ үеэр илэрхийлж байлаа.


Цагаан тэмээ аалз” нэвтрүүлгийн санаачлагч “Дэлхий ээжид хайртай”

“Цагаан тэмээ аалз” DVD-ны өдөрлөгийн үеэр “Дэлхий ээж” дууны 30-н жилийн ойг тохиолдуулан СГЗ, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, хөгжмийн зохиолч, хөгжим судлаач Р.Энхбазар нар бүтээлийг санаачлагч Б.Саруулд Чингис хааны тамгын хэв бүхий “Дэлхий ээж тандаа би хайртай” гэсэн бичээсийг Мөнхийн тамга болгон сийлж түүнийгээ алтан шаргал цаасан дээр шунхан улаан тосоор арилшгүй бат бэх буулгасан бичээсийг гардуулан өгсөн юм. Энэ бичээс эх дэлхийдээ илүү ихийг хийх ёстойг залуу сэтгүүлчид сануулсан биз ээ.



Баярын дуулалаар эхлээгүй өдөрлөгийн нээлт...

“Цагаан тэмээ аалз” өдөрлөгийн үеэр танхимд 30-н жилийн өмнө зохиогдож байсан “Дэлхий ээж” дуу эгшиглэж байсан юм. Энэ л дуу “Цагаан тэмээ аалз” нэвтрүүлгийн гол зангилаа болж төрүүлсэн эхээ идэж, зулгаах бүртээ инээд алдах аймшигт зураглалыг хүн төрөлхтөн хар дарсан зүүдэндээ ч олж хараагүй ч харин амьдрал дээр өдөр бүр үйлдэж, үйлдэл бүхнээсээ гэмшил ухаарлыг бус шунал, мунхаглалыг олж авч байгааг сануулахад хөтөлсөн билээ. Харин “Цагаан тэмээ аалз” нэвтрүүлгийн эхлэл, өрнөл, төгсгөл хэсгүүдийг холбосон ая аялгуу бол “Алтан ураг” хамтлагийн Requiem буюу “Гашуудлын дуулал” бүтээл байдаг. Энэхүү бүтээлийг “Цагаан тэмээ аалз” нэвтрүүлгийн уран бүтээлчид албан ёсны зөвшөөрөлтэйгээр ашиглаж байсныг өдөрлөгийн үеэр онцолж байсан юм. Өдөрлөгийн хөтлөгч хүрэлцэн ирсэн зочдод хандан: “Магадгүй шинэ бүтээлийн баярыг тохиолдуулаад баяр ёслолын дуулалыг сонгон нээж болох байсан ч дэлхий ээжийн мөхөл, асуй цагийн эрхшээлээр бүтээгдсэн “Цагаан тэмээ аалз” нэвтрүүлгийн DVD-ны өдөрлөгт ирсэн эрхэм зочид төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн мэргэжил нэгт андууд та бүхнээр дамжуулан “Алтан ураг” хамтлаг хөгжмийн хэлээр ийм нэгэн үгийг эх дэлхийдээ хайртай хүн бүрт түгээж байна.” гэж хэлсэн нь шинэ бүтээлийг өлгийдөн авах баярт хүрэлцэн ирсэн бидэнд аврал эрсэн эх дэлхийнхээ төлөө ямар нэг зүйл хийх цаг болсныг сануулсан юм.


“Цагаан тэмээ аалз” эхийнхээ ачыг хариулна

“Цагаан тэмээ аалз” нэвтрүүлгийн санаачлагч Б.Саруулын хувьд “Ногоон ирээдүй” зорилтот эко шоу нэвтрүүлэгт ажиллах хугацаандаа Баянзүрх хайрхны Харусан тохойн Хархошуу гэдэг газар хожуулаар дүүрч нүцгэрч хоцорсон уулын амыг моджуулж, ойн нөхөн сэргээлт хийх ажлыг санаачлан энэ ажлыг гардан зохион байгуулснаар “Цэцэрлэгжилт” компани, “Ногоон ирээдүй” эко шоуны баг хамт олны хамт зуун ширхэг шинэс модыг тарьсан байна. Энэ ажлыг цаашид үргэлжлүүлэн жил болгон Баянзүрх хайрханы тус газарт мод тарих ажлыг өрнүүлэхээр болсон төдийгүй “Цагаан тэмээ аалз” нэвтрүүлгийн DVD-нээс олох ашиг бүрийг байгаль орчны чиглэлд тэр дундаа Баянзүрх хайрхныг моджуулах ажилд зарцуулахаар болсон таатай мэдээг өдөрлөгийн үеэр “Ногоон ирээдүй” төслийн удирдагч дуулгаж байсан юм. Ингэж эхийгээ иддэг цагаан тэмээ аалз адил “Дэлхий ээжийнхээ” газран хэвлийг хэмлэх бус эмнэж мянган мянган мод тарих ажлыг “Цагаан тэмээ аалз” DVD-ээр дамжуулан хийхээр боллоо.