“Цагаан тэмээ аалз” нэвтрүүлгийн уран бүтээлчид мод бэлтгэгчдийн явуургүй үйл ажиллагаанаас болж нүцгэрч үлдсэн Баянзүрх хайрханы Хар усан тохойн Хархошуу гэдэг газрыг сонгон Хаврын мод тарих өдрөөр ойжуулах ажлаа эхлүүлэхээр төлөвлөжээ. Чадлынхаа хирээр мод тарьдаг гэтэл хэн нэгэн бүлэг хүмүүс сүйтгэдэг байдлыг таслан зогсоохгүйгээр, нүцгэн гараараа шахуу хулгайн мод бэлтгэгчидтэй тэмцдэг байгаль хамгаалагчдыг чадавхжуулахгүйгээр, шинээр мод тариад удаагүй байтал суулгацын нахиаг үхэр адуу сорчилж идэхээс хамгаалсан хайш хашлагыг шийдэхгүйгээр, өнөөдөр мод тарих асуудлыг эхний ээлжинд тавьж ярих нь өрөөсгөл гэж тэд үзжээ. Тиймээс модыг тайрч дуусахаас нь урьтаж иргэдийн ухамсарт нөлөөлөх, цаашид гарах үр дүнг нь тооцоолж, асуудалд ул суурьтай хандах үүднээс “Баянзүрх хайрханы ойжуулалт” сэдвийн дор хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон байна. Тус хэлэлцүүлгийн өмнө мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар ойжуулалт хийхээр төлөвлөж байгаа Баянзүрх хайрханы Хархошуу гэдэг газрын га газрын хэмжээг тогтоох ажлыг зохион байгуулсан байна. 5,6 га газар бүхий уулын амны 2100 гаруй шинэс буюу хар мод ашиг хонжоо хайгч хулгайн мод бэлтгэгчдийн гарт өртсөн нь тогтоогджээ. Ойг хэдхэн хар гартнууд тайрч сүйтгэдэг бол 70-80 жил өнгөрч байж урьдын хэвэндээ ордог байна. Тиймээс аливаа зүйлийг эвдэж сvйтгэх амархан ч, сэргээн босгох бэрхийн жишээ болсон Баянзүрх хайрханы ойжуулалтын асуудлыг хэлэлцэхээр БОАЖЯ, ЗГХА Ойн газар, Нийслэлийн байгаль хамгаалах газар, Геоэкологийн хүрээлэн, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, UBS телевиз “Ногоон ирээдүй” төсөл, Дэлхийн банкны “Немо 2 төсөл”, Цэцэрлэгжилт компаний төлөөлөгчид Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын хурлын танхимд цугласан юм. Энэ үеэр Улаанбаатар хот орчмын ногоон бүс, Баянзүрх хайрханы ойжуулалт, нөхөн сэргээлт, Баянзүрх хайрханы ойн сангийн хадгалалт, хамгаалалт, Байгаль хамгаалагчдын үүрэг оролцоо-тулгамдаж буй асуудлууд, Баянзүрх хайрханыг ойжуулахад- Иргэд, орон нутаг болон төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын оролцоо гэсэн асуудлуудыг авч хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр усалгаа дутдаг уулын модны ургалтыг сайжруулах “Усалгааны норматив”-ийг тооцох хэрэгтэй байгааг, хүн малын хөлд нялх суулгацыг гэмтээхгүйн үүднээс хамгаалалтын бүсийг тогтоох асуудал болоод ойжуулалт хийхээр төлөвлөж байгаа газрын усалгаа, арчилгаа, хамгаалалтын асуудлыг хариуцсан оноосон эзэнтэй болгох, Улаанбаатарын төв суурин газрын биш уулын эгц өндөрлөг газрын усалгаа учраас үүнийг яаж шийдэх вэ гээд өнөөдөр ойжуулалтын ажилд ус агаар шиг хэрэгтэй байгаа олон чухал асуудлуудыг хөндөн ярилцлаа. Хэлэлцүүлгийн дүнд Баянзүрх хайрханы доройтлын шалтгаан, үр дагаварыг шинжлэх ухааны үндэслэлтэй, нарийвчлан судалж улмаар судалгааны дүнг үндэслэн ойжуулах ажлыг зохион байгуулах юм байна.
Feb 7, 2012
Subscribe to:
Posts (Atom)







