"Цагаан тэмээ аалз" бидэнд Ирэх цагийг санууллаа
|
Үзэгчдийн хүсэлтээр мэндэлсэн шинэхэн DVD Байгаль эхийнхээ хэвлийнээс “идэж” байгаа хүн төрөлхтний араншинг ээжийгээ хэмлэн бие гүйцэн томордог аалзаар төлөөлүүлэн харуулсан “Цагаан тэмээ аалз” баримтат уран сайхны нэвтрүүлэг 2011.01.11-ны өдөр буюу таван нэг давхцсан онцгой өдөр үзэгчдийн хүртээл болж байсан. “Цагаан тэмээ аалз” эфирт анх цацагдсаны дараагаар нэвтрүүлгийн уран бүтээлчид болоод UBS телевиз рүү олон арван үзэгчид утас цохиж нэвтрүүлгийг дахин үзэх хүсэлтээ илэрхийлж улмаар DVD хувилбарт оруулах саналыг ирүүлсээр байсан юм. Үзэгчдийн энэ л хүсэлтэн дээр тулгуурлан нэвтрүүлгийн уран бүтээлчид DVD хэлбэрт “Цагаан тэмээ аалз” баримтат уран сайхны нэвтрүүлгийг хөрвүүлэх санааг олж авсан бөгөөд ирээдүй, хойч үеийнхээ эрүүл тайван амьдралын төлөө санаа зовниж буй олон хүний оюунд тус нэвтрүүлгийг хүргэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яам дэмжин хамтран ажиллажээ. Ингэж хурц хараа, мэргэн оюундаа шүүн тунгаасан үзэгчдийн хүсэлт биелэлээ олж “Цагаан тэмээ аалз” нэвтрүүлэг DVD хэлбэрт орсон байна. Хамгийн мэргэн шүүгч, уран бүтээлийн шинэ санааны эзэд байдаг үзэгчдээсээ ийнхүү шинэ бүтээлийн санаа шүүрдэн авч ажил хэрэг болгосондоо уран бүтээлчдийн зүгээс талархаж байсныг уламжилъя. |
DVD-ны өдөрлөг - “Дэлхий ээж” дууны 30-н жилийн ойтой давхцлаа Дэлхий нийтийн санааг хамгийн ихээр зовоож буй асуудлыг хөндсөн “Цагаан тэмээ аалз” нэвтрүүлгийн DVD-ны нээлтийн өдөрлөг энэ сарын 16-ны өдрийн 14.00 цагт Max Mall төвд байрлах “UBS-CD shop”-д болж өдөрлөсөн юм. Өдөрлөгт БОАЖЯ-ны Хэвлэлийн албаны дарга М.Мөнхжаргал, UBS телевиз Уран бүтээл эрхэлсэн дэд захирал Ж.Баяр, СГЗ, сэтгүүлч Д.Амбасэлмаа, СГЗ, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, хөгжим судлаач, хөгжмийн зохиолч Р.Энхбазар, “Ногоон ирээдүй” зорилтот эко шоу нэвтрүүлгийн төслийн удирдагч Б.Нармандах, UBS телевизийн Ерөнхий редактор Ө.Гэрэлтцэцэг, UBS телевизийн Программын албаны дарга Д.Отгонзаяа, HERO Entertainment-ын төлөөлөл тус тус хүрэлцэн ирсэн юм. Түүнчлэн “Цагаан тэмээ аалз” нэвтрүүлэг, DVD-ны ажилд гар бие оролцсон хүмүүс урилгаар ирсэн байлаа. DVD-ны өдөрлөг “Дэлхий ээж” дууны 30-н жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлогтой байсан юм. Тэртээ он жилүүдэд дэлхий ээжийгээ хүйтэн дайнаас өмөөрөн бичсэн шүлэг, дуу өнөөгийн нийгэм цаг үетэй хэрхэн холбогдож байгаа тухай дууны уран бүтээлчид өөрсдийнхөө үзэл бодол, эмзэглэлийг энэ үеэр илэрхийлж байлаа. |
“Цагаан тэмээ аалз” нэвтрүүлгийн санаачлагч “Дэлхий ээжид хайртай”
“Цагаан тэмээ аалз” DVD-ны өдөрлөгийн үеэр “Дэлхий ээж” дууны 30-н жилийн ойг тохиолдуулан СГЗ, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, хөгжмийн зохиолч, хөгжим судлаач Р.Энхбазар нар бүтээлийг санаачлагч Б.Саруулд Чингис хааны тамгын хэв бүхий “Дэлхий ээж тандаа би хайртай” гэсэн бичээсийг Мөнхийн тамга болгон сийлж түүнийгээ алтан шаргал цаасан дээр шунхан улаан тосоор арилшгүй бат бэх буулгасан бичээсийг гардуулан өгсөн юм. Энэ бичээс эх дэлхийдээ илүү ихийг хийх ёстойг залуу сэтгүүлчид сануулсан биз ээ.
Баярын дуулалаар эхлээгүй өдөрлөгийн нээлт... “Цагаан тэмээ аалз” өдөрлөгийн үеэр танхимд 30-н жилийн өмнө зохиогдож байсан “Дэлхий ээж” дуу эгшиглэж байсан юм. Энэ л дуу “Цагаан тэмээ аалз” нэвтрүүлгийн гол зангилаа болж төрүүлсэн эхээ идэж, зулгаах бүртээ инээд алдах аймшигт зураглалыг хүн төрөлхтөн хар дарсан зүүдэндээ ч олж хараагүй ч харин амьдрал дээр өдөр бүр үйлдэж, үйлдэл бүхнээсээ гэмшил ухаарлыг бус шунал, мунхаглалыг олж авч байгааг сануулахад хөтөлсөн билээ. Харин “Цагаан тэмээ аалз” нэвтрүүлгийн эхлэл, өрнөл, төгсгөл хэсгүүдийг холбосон ая аялгуу бол “Алтан ураг” хамтлагийн Requiem буюу “Гашуудлын дуулал” бүтээл байдаг. Энэхүү бүтээлийг “Цагаан тэмээ аалз” нэвтрүүлгийн уран бүтээлчид албан ёсны зөвшөөрөлтэйгээр ашиглаж байсныг өдөрлөгийн үеэр онцолж байсан юм. Өдөрлөгийн хөтлөгч хүрэлцэн ирсэн зочдод хандан: “Магадгүй шинэ бүтээлийн баярыг тохиолдуулаад баяр ёслолын дуулалыг сонгон нээж болох байсан ч дэлхий ээжийн мөхөл, асуй цагийн эрхшээлээр бүтээгдсэн “Цагаан тэмээ аалз” нэвтрүүлгийн DVD-ны өдөрлөгт ирсэн эрхэм зочид төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн мэргэжил нэгт андууд та бүхнээр дамжуулан “Алтан ураг” хамтлаг хөгжмийн хэлээр ийм нэгэн үгийг эх дэлхийдээ хайртай хүн бүрт түгээж байна.” гэж хэлсэн нь шинэ бүтээлийг өлгийдөн авах баярт хүрэлцэн ирсэн бидэнд аврал эрсэн эх дэлхийнхээ төлөө ямар нэг зүйл хийх цаг болсныг сануулсан юм. |
“Цагаан тэмээ аалз” эхийнхээ ачыг хариулна “Цагаан тэмээ аалз” нэвтрүүлгийн санаачлагч Б.Саруулын хувьд “Ногоон ирээдүй” зорилтот эко шоу нэвтрүүлэгт ажиллах хугацаандаа Баянзүрх хайрхны Харусан тохойн Хархошуу гэдэг газар хожуулаар дүүрч нүцгэрч хоцорсон уулын амыг моджуулж, ойн нөхөн сэргээлт хийх ажлыг санаачлан энэ ажлыг гардан зохион байгуулснаар “Цэцэрлэгжилт” компани, “Ногоон ирээдүй” эко шоуны баг хамт олны хамт зуун ширхэг шинэс модыг тарьсан байна. Энэ ажлыг цаашид үргэлжлүүлэн жил болгон Баянзүрх хайрханы тус газарт мод тарих ажлыг өрнүүлэхээр болсон төдийгүй “Цагаан тэмээ аалз” нэвтрүүлгийн DVD-нээс олох ашиг бүрийг байгаль орчны чиглэлд тэр дундаа Баянзүрх хайрхныг моджуулах ажилд зарцуулахаар болсон таатай мэдээг өдөрлөгийн үеэр “Ногоон ирээдүй” төслийн удирдагч дуулгаж байсан юм. Ингэж эхийгээ иддэг цагаан тэмээ аалз адил “Дэлхий ээжийнхээ” газран хэвлийг хэмлэх бус эмнэж мянган мянган мод тарих ажлыг “Цагаан тэмээ аалз” DVD-ээр дамжуулан хийхээр боллоо. |




No comments:
Post a Comment